Эрдэмтний танилцуулга

ЛЬЮ ШРАМ (LOUIS SCHRAM, 1883-1971)

Огноо:
2017 оны 04-17 01:11
Улс:
Белги
Судалгааны үе:
Дундад үе ( XIII- XVI зуун )
Судалгааны талбар:
Шашин судлал
2017 оны 04-17 01:11

Лью Шрам нь Брюгге хотноо 1883 оны 2 сарын 20-нд худалдаачны гэр бүлд төржээ. 1896 онд Брюгге хотын Гэгээн Льюгийн хүрээлэнгийн бага, дунд сургуульд элсэн латин-грек хэлний боловсрол эзэмшсэн. 1902 онд Шөтийн Мари Эхийн Цэвэр Ариун Зүрхний Бүлгэмд (CICM) нэгдэн хятад хэл шамдан үзэж эхэлсэн байна. Улмаар Лөваний их сургуульд элсэн хэл шинжлэлийн ухаанд мэргэжин сурч байхдаа орос хэл үзэх болов. 1908 онд сахил хүртэн 1909 онд CICM-ийн Бельги дэх төвөөс тусгай судалгааны чиглэлээр шашин түгээн дэлгэрүүлэгч нарыг Азид илгээсэн 1908-1909 оны анхны багт багтсан ажээ. Тэрээр 1911 онд Хөхнуурын Шининг орчмын нутагт шашин түгээн дэлгэрүүлэхээр томилогдон цагаан монгол буюу монгор монголчуудын дунд ажиллаж эхэлжээ.  Улмаар Гүмбүм хийдэд 6 сар сууж төвөд хэл үзэж байхдаа буддын шашны лам нарын зан үйл, дадал зуршлыг сонирхон судлах болов. Тэрээр өнөөгийн Цингхай мужийн төв Шининг хотоос холгүй орших Монгор монголчуудын тархсан Ниэнпэй (одоогийн Нианьбо буюу Nianbo) тосгонд очиж тэдний болон төвөд, салар, хятадуудын ёс заншил, хууль, нийгэм, шашны нөхцөл байдлыг судалж эхэлсэн байна. Мөн Хужу (Huzhu), Ёоунинг (Youning), Донггоу (Donggou), Лижиатань (Lijiatan), Жижиалинг (Jijialing), Шатангчжуань (Shatangchuan) зэрэг монгоруудын оршин суудаг газруудаар 1922 оныг хүртэл аялан явж судалгаагаа гүнзгийрүүлсэн. Энэ судалгааны ажлынхаа эхний үр дүн болгож монгоруудын гэрлэх ёс заншлын тухай номоо 1932 онд Le marriage chez les T’ou-jen du Kansu нэртэйгээр Шанхайд хэвлүүлсэн нь олон улсын эрдэмтдээс өндөр үнэлэгдсэн байдаг. Шрам 1948 онд Хятадын коммунистууд төрийн эрхэнд гарах үед Хятадыг орхин АНУ-ын Арлингтон хот дахь CICM-ийн төвд суурьшжээ. Тэнд нэрт монголч эрдэмтэн Оуэн Латтимортой танилцан, түүний тусламжтайгаар урьд хийсэн судалгааны тэмдэглэлүүдээ эмхэтгэн англи хэлнээ орчуулж, Америкийн философийн нийгэмлэгийн эрдэм шинжилгээний сэтгүүлд Гансу-Түвдийн хилийн монгорууд (The Mongour of th Kansu-Tibetan Frontier) нэрээр 3 хэсэг болгож 1954, 1957, 1961 онд хэвлүүлжээ. Үүнд нэгдүгээр хэсэг нь монгоруудын гарал, түүх, нийгмийн зохион байгуулалт, хоёрдугаар хэсэг нь монгоруудын шашны амьдрал, гуравдугаар хэсэг нь зарим монгор овгийнн тэмдэглэлийг авч үзжээ. Эдгээр судалгааны ажлууд тус бүрдээ эрдэмтдээс өндөр үнэлгээ авч, өнөөгийн Хятадад хамаарагдан суух монгоруудын талаарх хамгийн жинтэй сайн судалгаанд зүй ёсоор тооцогдсоор байна.  Шрам 1958 онд Бельгид нутагтаа харьж насан эцэслэжээ.