Эрдэмтний танилцуулга

МАРИАН ЛЕВИЦКИЙ (1908-1955)

Огноо:
2017 оны 05-02 11:39
Улс:
Польша
Судалгааны үе:
Дундад үе ( XIII- XVI зуун )
Судалгааны талбар:
Утга зохиол, хэл шинжлэл судлал
2017 оны 05-02 11:39

Мариан Левицкий 1908 оны 8  сарын 15-нд  Львов хотод төржээ.  Дунд сургуулиа төгсөөд 1926 онд Львовын их сургуулийн Алс дорнодын судлалын ангид элсэн орж, монгол, түрэг, манж, араб, перс, самгарди хэл судалж төгсөөд, проф. В. Котвичийн удирдлагын дор судалгааны ажил хийж эхэлжээ. 1935 онд Алтай хэлний зүг чиг заах дагаврын сэдвээр докторын зэрэг хамгаалж, улмаар 1937 онд Парист очиж, бүтэн жил ажиллахдаа дорнодахины судлалын нэрт эрдэмтэн П. Пеллио-гийн дэргэд монгол, хятад бичгийн дурсгалын талаар, проф. Денигийн дэргэд түрэг хэлний судлалаар судалгаа хийжээ. Түүнийг Парист байх хугацаанд Парисын дорно дахины судлалын нийгэмлэг эрдэм судлалын бүтээлийг нь өндрөөр үнэлж, гишүүнээрээ сонгосон байна. Профессор М. Левицкийн эрдэм судалгааны бүтээлүүдийн ихэнх нь монгол хэлний эртний бичгийн дурсгалын хэлний онцлогт чиглэгдсэн байна. Тухайлбал, 1937 онд “Монгол дөрвөлжин бичгийн нийтлэгдээгүй бичээсүүд” хэмээх бүтээлдээ дурсгалуудыг багтаасан бол “XIV зууны хятад ханз үсгээр тэмдэглэсэн монгол дурсгалууд: 1389 оны Хуа-й й-юү” гэсэн томоохон судалгаандаа Мин улсын эхэн үед хятад ханз үсгээр тэмдэглэсэн Монгол, Хятадын харилцааны арван хоёр захидал болон 1389 онд гарсан хятад-монгол толь бичгийн бүрэн галиг, үгсийн жагсаалт, авиазүй, үгзүйн онцлог шинжийг тодорхойлсон судалгаа, гэрэл зургийн эхийн хамт нийтлүүлсэн нь дундад үеийн монгол хэлний судлалд маш үнэтэй, анхдагч судалгаа болсон байна.  Түүний судалгааны өөр нэг тал нь монгол, түрэг хэлний бүтэц, тогтолцоог алтай хэл шинжлэлийн хүрээнд түүхэн үүднээс харьцуулсан судалгаа байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа тэрбээр өөрийн суудаг Краков хотоос гадна Вроцлавын их сургуулийн хэл бичгийн салбарт зочин багшаар уригдан лекц уншиж, Варшавын их сургуулийн Дорнодахины судлалын хүрээлэнгийн Дотоод Азийн хэл судлалын тэнхимийг толгойлон ажиллаж байв.  М. Левицкий 1947 онд Польшийн дорно дахины судлалын нийгэмлэгийн нарийн бичгийн даргаар сонгогдож, 1950 онд Варшавын их сургуулийн Төв Азиийн судлалын тэнхимийн эрхлэгчээр томилогджээ. Мөн 1948 оноос Rocznik Orientalistyczny сэтгүүлийн эрхлэгч болж, таван дугаарыг эрхлэн гаргасан байна. 1950-иад оны эхээр Польшийн ШУА байгуулагдсны дараа түүнийг дорнодахины судлалын хүрээлэнгийн толь бичгийн салбарын эрхлэгчээр томилсон байна. Профессор М. Левицкий Марко Поло, Плано Карпини, Вилгельм Рубрук нарын тэмдэглэлийг олон жил судлан томоохон бүтээл нийтлүүлэхээр бэлтгэж байсан боловч хүнд өвчний улмаас түүнийгээ дуусгаж амжилгүй 1955 оны 11-р сарын 13-ний өдөр дөнгөж 47-хон насандаа таалал төгсчээ.